Анагаах ухааны боловсролын хөгжилд бидний оролцоо

Өнөө үед дэлхий дахинд техник технологийн үсрэнгүй хөгжил явагдаж байгаа энэ цаг үед хүн төрөлхтөний амьдралын чанар, эрүүл аюулгүй орчинд өвчин зовлонгүй эрүүл аж төрөн амьдрах, урт удаан наслах зэрэг асуудлууд судлаач эрдэмтдийн анхаарлыг ихэд татах болсон. Үүнийг дагаад ард түмний энхийн манаанд нүд цавчилгүй зогсдог эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн чанар чансааг сайжруулах асуудал ч хөндөгдөж байгаа юм. Иймд юуны түрүүнд эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн чанарыг сайжруулж ард иргэдэд хүртээмжтэй эмчилгээ үйлчилгээ үзүүлэхийн тулд тухайн мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргаж буй анагаах ухааны сургуулиуд тэр дундаа тухайн анагаахын мэдлэгийг дамжуулах, ур чадвар суулгах, мэргэжлийн үнэ цэнийг ойлгуулах зэргийг хэрхэн үр дүнтэй эзэмшүүлэх тухай судалдаг анагаах ухааны боловсрол судлалын талаар мэдэх нь ихээхэн чухал нөлөөтэй билээ.Америкийн нэгдсэн улсын анагаахын боловсролын тогтолцоог өөрчлөхөд ихээхэн хувь нэмэр оруулсан судлаач эрдэмтэн Абрахам Флекснерийн хувьд өөрийн тайландаа эмч мэргэжилтэн бэлтгэхдээ нэн тэргүүнд байгалийн шинжлэх ухаанд тулгуурлан нэгтгэн дүгнэж, задлан шинжлэх бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хэрэгтэй гэсэн санааг илэрхийлсэн юм. Уг онолыг тухайн үед Харвард, Мичиган, Пенсилванийн их сургууль зэрэг дэлхийн нэр хүндтэй их сургуулиуд хэрэгжүүлж байсан ба иж бүрнээр нь Жонс хопкинсийн их сургууль анх хэрэгжүүлж,зөвлөгчөөр нь Флекснер өөрөө ажиллаж байжээ. Флекснер анагаах ухааны боловсрол нь суурь шинжлэх ухаан дээр тулгуурлахын зэрэгцээ судалгаа шинжилгээнд суурилсан эмнэлгүүд дээр эмнэлзүйн сургалт явагдах нь зөв зүйтэй гэж үзсэн бөгөөд эмч-судлаач нар өвчтнөө үзэх, оюутнуудад хичээл заах явцад урган гарсан асуудалд үндэслэн судалгааны ажлуудыг ихээр хийх хэрэгтэй гэдгийг тодорхойлсон юм. Түүний энэ судалгаа зөвхөн үр дүн,дүгнэлт гаргахаар хязгаарлагдаагүй бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээ,хүртээмж,сурган заах арга зүйд томоохон дэвшил хөгжлийг авчирсан юм. Миний хувьд түүний энэ үзэлтэй санал нэг байгаа бөгөөд анагаахын боловсролыг хөгжүүлэхийн тулд дан ганц уламжлалт сурах бичиг,тухайн мэргэжлийн номнуудаар хязгаарлагдах бус тухайн эмч эмнэлгийн ажилчид амьдралынхаа алхам тутамдаа өөрсдийгөө хөгжүүлж,судалгаа шинжилгээний ажил ихээр хийж ердийн нэг эмч биш эмч-судлаач болвол зохилтой гэж боддог. Нэгэн эрдэмт хүн “Ирээдүйн эмч эмнэлгийн мэргэжилтнүүд, өчигдрийн сургалтын хөтөлбөрөөр өнөөдрийн багш нараар заалгаж байна” гэж хэлсэн байдаг бөгөөд үүнийг ухаж ойлговоос гүн утга агуулгатай нь ойлгогдож байна.Иймээс одоогийн анагаах ухааны боловсрол эмч биднээс дан ганц өмнөх үед судлагдсан бэлэн мэдлэг бус шинээр бий болгох мэдлэг буюу шинэ судалгаа шинжилгээний ажил,тасралтгүй хөгжил дэвшил шаардаж байна.Үүнийг гүйцэлдүүлэхийн тулд ялангуяа шинэ залуу эмч нар өмнөх үеийн бэлэн мэдлэгээр хязгаарлагдахгүйгээр шинэ мэдлэгийн эрэлд гарч,шинийг эрэлхийлвэл анагаах ухааны тэр дундаа анагаахын боловсрол судлалд бага ч болтугай хувь нэмрээ оруулах нь дамжиггүй билээ. Харин үүнийг хийхийн тулд шинэ залуу боловсон хүчин болсон залуу эмч нар болон ид ажиллаж буй эмч нар маань дан ганц зэрэг цол хамгаалахын тулд бус өөрсдийнхөө мэдлэг чадварыг нэмэгдүүлэхийн тулд өдөр тутмын ажилдаа өвчтөн үзэж, оношилж, эмчлэхээс гадна судалгаа шинжилгээний ажил хийх чадварыг нэвтрүүлэх нь чухал гэж боддог. Судалгааны ажлаас гарсан үр дүнтэй оношилгоо,эмчилгээ, үйлчилгээ нь ард иргэдийн өдөр тутмын эрүүл мэндийн үйлчилгээ рүү шууд нэвтэрдэггүй юм гэхэд шууд бусаар тухайн судлаачийн хувийн мэдлэг чадвар дараагийн судалгааг хийхэд түлхэц болох учиртай. Учир нь нотолгоонд суурилсан анагаах ухаан нь тухайн тогтолцоог өөрчлөн шинэчилж, чанар чансааг нь сайжруулж байх хөдөлгөгч хүч байх учиртай билээ. Тиймээс 21-р зууны эмч эмнэлгийн мэргэжилтнээс шинжлэх ухаанд гарсан нээлт, өөрчлөлт шинэчлэлтүүдийг өдөр тутмын анагаахын практиктаа нэвтрүүлж, тогтмол шинэчлэн сайжруулж бүтээлч сэтгэлгээтэй, мэдлэг чадвартай байхыг шаардаж байна. Эдгээр шинэ үйл явцууд нь хүмүүс хэрхэн сурах ёстойг, мөн сургалтын орчин, сургалтын хөтөлбөр ямар байх тухай ойлголтуудыг цоо шинээр харах боломжийг олгож байна. Өнөө үед нотолгоонд суурилсан анагаах ухаан гэж ихээр яригдах болсон бөгөөд дэлхий нийтээр ч гэсэн анагаахын хөгжил энэ чиглэл рүү ихээхэн анхаарлаа хандуулах болсон билээ. Эцэст нь дүгнэж хэлэхэд эмч мэргэжилтнүүд жижигхэн ч гэлтгүй дор бүрнээ хичээж судалгааны ажил хийвээс анагаахын боловсролын хөгжилд багахан ч хувь нэмрээ оруулах нь гарцаагүй гэж боддог.
Бичсэн: Хүний их эмч Х.Ерханат

Comments